Тухайн багтаа тоглохгүй байгаа ч цалин авсаар байгаа 15 тоглогч

Зарим тохиолдолд өндөр дүнтэй, том гэрээ хийсний дараахан тухайн тоглогч формоо алдан муудаж эхэлдэг. Зарим нь бэртлээс шалтгаалдаг. Харин зарим нь талбайн гадуурх асуудлаас болж тоглолтоо алддаг. Ямар ч шалтгаантай байсан бай эдгээр тоглогчид аажмаар муудан сүүлдээ багаас хасагдан цалингаа сунгаж буюу олон жилийн турш бага дүнгээр хувааж авахаар болдог. Ийм нөхцөлд орсон баг тухайн тоглогчтой удаан хугацаанд зууралдан ямар ч ашиггүйгээр жил болгон цалин өгнө гэсэн үг. Энэхүү нөхцөл байдал нь богино хугацаанд багт ашигтай ч гэсэн урт хугацаанд ашиггүй юм. Цалингийн цэсийг нь багасгаад зогсохгүй чөлөөт агентаас том тоглогч авахад нь саад болдог.

Бид иймэрхүү байдлыг олон ч удаа харж байсан. Тэгвэл энэ удаа тухайн багийн төлөө тоглохгүй байгаа ч тухайн багаасаа одоо болтол цалин авч буй 15 тоглогчийг хүргэж байна.

15. Зайлан Чийтэм

Цалин: $1,445,697 /Оклахома Сити Тандер/

Зайлан Чийтэмийн хувьд 3 жилийн гэрээ хийсэн бөгөөд эхний жил нь баталгаатай гэрээ юм. Тэрээр Стивен Адамсын солилцооны нэг хэсэг болон Тандерт ирсэн. ОКС баг тоглогч хасах хэрэгтэй байсан тул түүнийг хассан байна. Түүний хувьд хэзээ ч NBA төвшний тоглогч болохгүй байж магадгүй ч ядаж цалин аваад суухаар болжээ.

14. ЖР Смит

Цалин: $1,456,667 /Кливлэнд Кавальерс/

2016 онд Кавальерс баг аварга авахад ЖР Смит Лебронтой хамт багийн нэг хэсэг байсан. Леброны хажууд шидэгч хэрэгтэй байсан тул түүнтэй өндөр дүнтэй гэрээ хийсэн. Гэвч яваандаа түүнийг багаас хассан бөгөөд түүний хувьд Лэйкэрстэй гэрээ хийж өнгөрсөн жил аварга авсан. Тэрээр Лебронтой дахин нэгдэж аварга авахаас гадна Кавсаас цалин авсаар байсан юм.

13. Жош Грей

Цалин: $1,620,546 /Оклахома Сити Тандер/

Түүний хувьд мөн л Стивен Адамсын солилцооны нэг хэсэг болон ОКС-д ирсэн. Түүнийг цалин тэнцүүлэх үүднээс солилцоонд оруулсан бөгөөд ОКС-д хэтэрхий олон тоглогч байсан тул түүнийг багаас хасах хэрэгтэй болжээ.

12. Ларри Сандерс

Цалин: $1,856,546 /Милуоки Бакс/

Ларри Сандерс лигийн ирээдүйтэй төвүүдийн нэг гэж яригддаг байлаа. Хамгийн сайн улиралдаа тэрээр 9.8 оноо, 9.5 самбар, 2.8 хаалт дундажлаж байж. Тэрээр амжилттай тоглогч болох зөв замдаа явж байсан ч гэмтэл, талбайн гадуурх асуудлаас болоод лигт удаан байж чадаагүй. Кавсд нэгдэн лигт эргэн ирэх гэж оролдсон ч хэдхэн тоглолтын дараагаар бүтэлгүйтсэн юм.

11. Андерсон Варежао

Цалин: $1,913,345 /Портланд Трэйл Блэйзерс/

Варежо замналынхаа турш сайн үүргийн тоглогч байж чадсан. 2009-2010 оны улиралд Бүх Хамгаалалтын багт нэрлэгдээд амжсан тоглогч. Түүний замнал удаан хугацаанд үргэлжилсэн бөгөөд эхний 12 жилээ Кавстай өнгөрөөж дараагаар нь Уарриорсруу солигдсон билээ.

Кавс болон Уарриорс багууд аваргын төлөө өрсөлдөж байх үед аль аль багт нь тоглож байсан ч хоёр багийн аварга авдаг жилүүдэд плейоффын бүрэлдэхүүнд нь багтаагүй юм. Гэсэн ч 2017 онд Уарриорс түүнд аваргын бөгж өгсөн билээ.

10. Монта Эллис

Цалин: $2,245,400 /Индиана Пэйсерс/

Индиана Пэйсерс баг түүний оноо авах чадварт дурлан Уарриорсоос солилцоогоор авч байлаа. Тэрээр маш сайн шидэгч байсан бөгөөд тухайн үед Эллис, Көрри хоёрын алийг нь авч үлдэх вэ гэсэн маргаан хүртэл гарч байсан. Эцэст нь Уарриорс Эллисийг солилцоогоор явуулаад Көрриг авч үлдэхээр шийдсэн. Цааш юу болсныг бүгд мэдэж байгаа.

Ид үедээ тэрээр маш хэрэгтэй оноо авагч байсан бөгөөд багийн 1-р сонголтоор тоглодог байлаа. Гэвч яваандаа тэрээр Пэйсерсээс хасагдсан бөгөөд удаан хугацаанд цалингаа авч үлдэхээр болсон юм.

9. Эндрю Николсон

Цалин: $2,844,430 /Портланд Трэйл Блэйзерс/

Эндрю Николсон NBA-д байх хугацаандаа тийм ч сайн тоглогч байгаагүй юм. Трэйл Блэйзерс баг түүнийг 2017 онд багаас хассан бөгөөд ирэх хэдэн улирлын турш түүнд цалинг нь өгөх юм. Энэхүү гэрээ нь Портландын хувьд хамгийн муу гэрээнүүдийн нэгээр нь тооцогддог байна.

8. Дуэйн Дедмон

Цалин: $2,866,667 /Детройт Пистонс/

Дуэйн Дедмоны хувьд сүүлийн хэдэн жил дажгүй үүргийн тоглогч болоод байгаа. Тэрээр 2018-2019 оны улиралд холын зайнаас 38.2 хувьтай шидэн шидэлт сайтай төвийн тоглогч гэж үнэлүүлж байсан ч тэрхүү улирлаас хойш шидэлтийн хувь нь 25-аас дээшлээгүй юм.

Түүний хувьд сүүлийн хэдэн жил баг их дамжиж байгаа ч эцэст нь Хокстой дахин нэгдэхээр болсон. Тэрээр Траэ Яангтай цуг тоглохоос гадна Пистонсоос цалин авах юм.

7. Жон Лойер

Цалин: $3,169,348 /Милуоки Бакс/

Жон Лойер олон ч багт тоглож үзсэн төвийн тоглогч. Түүний хувьд замналынхаа турш 32.8% холын зайн шидэлт дундажладаг шидэлттэй төв юм. Гэхдээ багууд түүнд олигтой боломж олгоогүй бөгөөд замналынхаа турш сэлгээнд суусан билээ.

Олон баг дамжиж явсан ч 2018-2019 оны улирлаас хойш тэрээр баггүй байгаа юм. Ямар нэгэн баг түүнд боломж олгохгүй л бол ганц ч тоглолт тоглохгүйгээр маш их мөнгө авах юм байна.

6. Луол Денг

Цалин: $5,000,000 /Лос Анжелес Лэйкерс/

Ид үедээ буюу Буллсд тоглож байхдаа тэрээр Бүх Одод тоглогч байсан. Гэвч маш олон жилийн өмнө. Миамид байхдаа олигтой тоглолт үзүүлж чадаагүйг нь хараад хэн ч түүнийг хуучны Денг биш болсныг нь мэдэж чадна. Гэвч Лэйкерс түүнд маш том гэрээ санал болгоод Денг тэрийг нь зөвшөөрсөн. Цаашаа юу болсныг нь бүгд мэдэж байгаа. Лэйкерсын хийсэн хамгийн муу гэрээ.

5. Райан Андерсон

Цалин: $5,214,583 /Миами Хийт/

Райан Андерсон 2011-2012 оны Амжилт нь Ахисан Тоглогч шагналыг хүртэж явлаа. Замналынхаа турш тэрээр сайн оноо авагч байсан бөгөөд тухайн цаг үедээ шидэлттэй 4 байрлалын тоглогч гэж тооцогддог байсан. Гэвч түүний хамгаалалт хамгийн том сул тал нь хамгаалалт байсан юм. Тэрээр свитч хийхдээ муу, өөрөөсөө хурдан тоглогчийг хамгаалж чаддаггүй байлаа.

4. ДеМарре Кэрролл

Цалин: $6,119,676 /Сан Антонио Спөрс/

Ид үедээ мань залуу ч шидэлт, хамгаалалт сайтай довтлогчдын нэгт тооцогдож явлаа. Тэрээр замналынхаа турш холын зайнаас 35.8 хувьтай шидсэн бөгөөд 2015 онд Атланта Хокс, 2016 болон 2017 онуудад Торонто Рапторс багуудад тоглож байсан. Сайн тоглолтынхоо үр дүнд тэрээр Спөрстэй өндөр дүнтэй гэрээ хийсэн ч Спөрсд очоод бүтэлгүйтээд дууссан. Эцэст нь багаас хасагдан Рокетстой нэгдсэн ч бас л үр дүнтэй тоглогч байж чадаагүй юм.

3. Жоаким Ноа

Цалин: $6,431,667 /Нью Йорк Никс/

Жоаким Ноа ид үедээ Буллсд МВП Рөүсийн хамт тоглож байсан бөгөөд Бүх Одод болж Шилдэг Хамгаалан Тоглогч шагналыг хүртэж байсан. Тэрээр хамгаалалтад маш сайн тоглогч бөгөөд үүнийх нь төлөө Никс баг түүнд өндөр дүнтэй гэрээ санал болгосон. Гэвч тухайн үед Ноа аль хэдийн ид үеээ өнгөрөөгөөд байсан юм. Түүнийг аваад юу ч бүтээгүй бөгөөд эцэст нь Никс түүнд жил болгон маш их хэмжээний мөнгө төлж үлдэхээр болсон юм.

2. Николас Батум

Цалин: $9,043,478 /Шарлотт Хорнетс/

Сүүлийн үед хийгдсэн хамгийн муу гэрээнүүдийн нэг энэ шүү дээ. Шарлотт плейоффд орохын тулд түүнд өндөр дүнтэй гэрээ санал болгосон. Гэвч бэртэл гэмтэл гэсээр Батум цалингийнхаа хэмжээнд тоглож чадаагүй. Саяхан тэрээр Клипперсд нэгдсэн бөгөөд ид үе шигээ тоглохгүй ч гэсэн дажгүй үүргийн тоглогч хийгээд явах байхаа.

1. Дион Уэйтерс

Цалин: $12,650,000 /Мемфис Гриззлис/

Мемфисийн төлөө тоглохгүй хирнээ маш өндөр цалин авч тоглогч бол Уэйтерс юм. Түүний хувьд их асуудалтай тоглогч бөгөөд тэр бүх асуудлаас нь зайлсхийхийн тулд Мемфис түүнийг багаас хассан.

Багаас хасагдсан нь ч түүнд аз болсон доо. Хасагдсаныхаа дараахан тэрээр Лэйкерстэй нэгдэж аварга авсан билээ.

Сэтгэгдэл үлдээх