2020-21 оны улиралд өөрсдийгөө батлах ёстой супер одод

2020-21 оны НБЭ улирал эхлээд долоо хоног өнгөрч байна. Эхлээд удаагүй байгаа ч сонирхолтой өрнөж буй энэхүү улиралд 5 супер од тоглогч нар өөрсдийгөө баталж харуулах хэрэгтэй. Эдгээр 5 тоглогчийг хүргэж байна.

Яннис Антетокумпо, Милуаки Бакс

2 удаагийн МВП залуу энэ улиралд олон зүйл батлах хэрэгтэй. Хоёр улирал дараалан плейоффоос төсөөлөөгүй байдлаар мултарснаар хүмүүс түүнд бага ч гэсэн эргэлзэж эхлэх болсон.

Түүнийг аварга авах хэмжээний багийг манлайлж чадахгүй, багийн 2 дахь сонголтоор тогловол дээр ч гэж бодож байж магадгүй. Улиралд ямар ч аймшигтай үзүүлэлт дундажласан бай амжилт үзүүлэхгүй л бол ямар ч утгагүй үлдэнэ.

Энэ улиралд Милуаки Бакс багийн хамт амжилт гаргаж чадахгүй бол маш том шүүмжлэлд өртөх нь ойлгомжтой. Бүсийн Финал ч биш ядаж НБЭ Финалд гарч байж түүний хувьд амжилт гэж үзнэ. Хэрэв бүтэлгүйтвэл багаа солиж магадгүй гэж байсан ч түүний хувьд багтайгаа урт хугацааны гэрээ сунгасан. Тиймээс түүний хувьд ирэх улирал багаа манлайлж, амжилт гаргаж чадах тоглогч гэдгээ баталж харуулах ёстой.

Кавай Леонард, Лос Анжелес Клипперс

Өнгөрсөн улирал Лос Анжелесийн хоёр баг Бүсийн Финалд таарна гэж хүн бүхэн таамаглаж байсан. Гэвч Кавай тэргүүтэй Клипперс чадаагүй.

Спөрс, Торонто хоёрт байхдаа Их Гурвалыг буулган авч аварга авсан энэ их ур чадвар дээр нэмээд Пол Жорж, чадварлаг баг гээд Клипперсийг аварга авах хамгийн өндөр магадлалтай гэж байсан.

Гэвч энэ багийг амжилт үзүүлнэ гэж таамагласан хүн болгон нэг зүйлийг огт тооцоогүй байлаа. Тэр нь хүлээлтэд хүрээгүй явдал. Кавай хүн болгоны төсөөлж байсан шиг манлайлагч байж чадаагүй. Фэнүүдийнхээ хүлээлтэд хүрээгүй. Тиймээс энэ улирал тэрээр өөрийгөө батлан харуулж дахин нэг удаа Аварга цолыг хүртэх ёстой юм.

Кевин Дурант, Брүүклин Нэтс

2019-20 оны улирлыг бэртлийн улмаас бүтэн өнжсөн Кевин Дурант Нэтсийн өмсгөлтэй анхны тоглолтоо хийсэн. Бэртэхийнхээ өмнө тэрээр лигийн хамгийн шилдэг тоглогч гэж нэрлэгдэж явсан. 2 жил дараалан аварга авч, 2 Финалын МВП авч, 2 удаа Леброныг Финалд буулган авсан. Багийн бүрэлдэхүүн супер байсан ч гэсэн Леброныг хожиж, элит төвшний тоглолт үзүүлсэн нь үнэн.

Түүний хувьд спортын хамгийн хүнд бэртлүүдийн нэгийг авсан бөгөөд хуучин хэмжээндээ тоглож чадахгүй гэсэн яриа хаа сайгүй байсан ч улирлын эхний хэдэн тоглолтод өөрийгөө хуучин хэмжээндээ тоглож чадна гэдгээ баталж чадсан.

Тэрээр төвийн тоглогчтой адил өндөртэй, холбогчийн төвшинд хүрэхүйц бөмбөг эзэмшилттэй, талбайн хаанаас ч шидэх чадвартайгаас гадна шидэлтийн оновч маш сайн. Хэрэв КД эрүүл байвал Нэтс баг аваргын төлөө дайрах нь ойлгомжтой. Хуучин хэмжээндээ тоглож чадна гэдгээ батлачихсан түүний хувьд баг манлайлаад аварга авч чадна гэдгийг батлах хэрэгтэй юм.

Стефен Көрри, Голден Стэйт Уарриорс

Стеф энэ жагсаалтад байгаа шалтгаан өмнө нь дурдсан тоглогч буюу түүний хуучин багийн анд КД-тэй ижил юм.

KD-г ирэхээс өмнө тэрээр дараалан улирлын МВП авч байсан. Энэхүү хоёр жилийнхээ нэгт нь улиралд 73 хожил авч түүх бүтээж байлаа. КД явснаар түүнийг МВП хэмжээндээ очиж, аварга авч, Финалын МВП хүртэнэ гэж таамаглаж байсан ч өнгөрсөн жилийг бэртэлд алдаад өнгөрсөн.

Энэ жил ч гэсэн багийн анд Клэй бэртлийн улмаас бүтэн өнжихөөр болсон. Тиймээс Стеф энэ улирал МВП хэмжээнд тоглон, багаа чирэн амжилт үзүүлээд өөрийгөө батлах ёстой юм.

Леброн Жэймс, Лос Анжелес Лэйкерс

4 удаагийн Аварга, 4 удаагийн Финалын МВП, 4 удаагийн улирлын МВП хүн энд юу хийж байгаа юм бэ гэж үү? Өөр юу батлах ёстой юм гэж үү?

Хүмүүс Леброн Жэймсийн улирлыг хоёр л байдлаар дүгнэдэг. Нэг бол аварга эсвэл бүтэлгүйтэл. Өнгөрсөн улирал аварга авсан түүний хувьд баг нь энэ улирал илүү сайн бүрэлдэхүүнтэй болсон. Тиймээс заавал аваргаа хамгаалах хэрэгтэй. Үгүй бол маш том бүтэлгүйтэл гэж яригдах болно.

Мөн түүний хувьд Жорданг аваргын тоогоороо гүйцэж байж Жордангоос илүү гэж яригдана. Өөрөө ч үүнийг зорьж байгаа байх. Энэ улирал тэрээр аваргаа хамгаалж Жорданлуу нэг алхам ойртох хэрэгтэй юм.

Сэтгэгдэл үлдээх