NBA-ийн аварга авч үзээгүй 11 баг

НБЭ ээлжит нэгэн улирал буюу 2020-21 оны улирал эхлээд хэдхэн хоног өнгөрөөд байна. Жил болгон багууд аваргын төлөө хүчтэй өрсөлдөөн гаргадаг бөгөөд зарим багууд 10-аас илүү удаа аваргын цом өргөж үзсэн байдаг бол зарим багууд түүхэндээ ганц ч удаа аваргагүй байдаг. Энэ удаа ганц ч удаа аварга авч үзээгүй 11 багийг хүргэж байна.

1. Оклахома Сити Тандер

Кевин Дурант, Расселл Уэстбрүүк, Жэймс Харден, Серж Ибака зэрэг оддыг цуглуулаад байсан Тандерчууд аварга авахад хамгийн дөхсөн хүчтэй бүрэлдэхүүн байсан. Даанч тэд Финалын тоглолтонд туршлага, сэтгэл зүйгээр дутсан. Жэймс Харден, Расселл Уэстбрүүк, Кевин Дурант гэх одуудыгаа жил дамнан багаас явуулсан тэд дахин бүрэлдхүүнээ эрс шинэчлэхээр драфтын эрхүүд цуглуулаад буй.

Сиэтл Суперсоникс байх үедээ аварга авсан ч Оклахома Сити Тандер нэртэй болсноосоо хойш аварга аваагүй тул энэ жагсаалтанд орууллаа.

2. Дэнвэр Наггетс

1976 онд НБЭ-д элсэн орсон Наггетсчууд хараахан аваргын алтан цомыг авч чадаагүй л байна. 2000-д оны сүүл үе, Мэло, Айверсон гэсэн оддын үед хамгийн боломжтой байсан ч харамсалтай нь 2009 оны бүсийн финалд Лос Анжелес Лэйкерс багт хожигдож байв. Гэхдээ сүүлийн жилүүдэд хийсэн драфтын сонголт болон багийн удирдлагуудын гаргаж буй зөв нүүдэл нь тэднийг аварга болох боломжийг улам нэмсээр л…

3. Мемфис Гриззлиес

1995 онд үүсгэн байгуулагдан лигт элссэн баг Пау Газолыг драфтаас авч багийнхаа сэргээн босголтыг зөв тавьж байв. Тэд 2010-аад оны дунд үед Өрнөд бүсийн хатуу самарнуудын нэг байлаа. Тухайн үеийн бүрэлдхүүн багийн түүхэн дэх хамгийн хүчтэй бүрэлдэхүүн юм.

4. Финикс Санс

Сансчууд 1993 оноос хойш НБЭ-ийн Финалд шалгараагүй. Үүний дараа Стив Нэш, Шон Марион, Амарэ Стоудемиртай бүрэлдэхүүн аварга авахад хамгийн дөхсөн бүрэлдэхүүн болж түүхэнд үлджээ.

5. Индиана Пэйсерс

AБA-д байхдаа 3 нь ч удаа аварга болж байсан баг НБЭ-д элсэн ороод аварга болж чадаагүй. Гэхдээ Индиана Пэйсерс баг Жордангийн Буллс, Леброны Миами, Кавалиэрс , Шак & Кобигийн Лэйкерсийн эсрэг хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн баг.

6. Миннесота Тимбервулвс

1989 онд үүсгэн байгуулагдсан баг 2003/2004 оны улиралд багийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж Бүсийн Финалд шалгарсан. Харин одоо залуу одод КАТ , Рассел нараар удирдуулсан багаас хөгжөөн дэмжигчид нь их зүйл хүлээж байгаа нь мэдээж.

7. Шарлотт Хорнетс

1990-ээд онд Алонзо Моурнинг, Ларри Жонсон нараар удирдуулсан Шарлотт хотын баг Дорнод бүсэд хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан. Энэ улирал Хэйвардийг чөлөөт агентаас авч, драфтаас ЛаМело Болл нарыг авсан Хорнетсчууд тун удахгүй плейоффын хүчтэй баг болох байхаа.

8. Нью Орлеанс Пеликанс

2002 онд үүсгэн байгуулагдсан тус баг Өрнөд бүсэд хангалттай хэмжээний өрсөлдөөн үзүүлж хараахан амжаагүй л байгаа. Крис Пол болон Эмэка Окафор , Энтони Дэвис болон Демаркус Казинс гэж хуваана. Одоо харин Зайон, Инграм нарын удирдлага дор байгаа тус багийн ирээдүй миний амьдралаас илүү гэгээлэг байна.

9. Орландо Мэжик

Орландогийн шидтэнгүүдийн хөгжөөн дэмжигчид Монгол улсад олон бий. Тэд түүхэндээ хамгийн шилдэг төвийн тоглогчдыг драфтаас сонгож авч байсан түүхтэй, харамсалтай нь лигийн түүхэн дэх хамгийн шилдэг төвийн тоглогчид маань Орландогоос яваад Лос Анжелес Лэйкерс багт аваргалж байсан түүхтэй. /Шак , Ховард/

10. Брүүклин Нэтс / Нью Жерси Нэтс /

AБA-ийн 2 удаагийн аварга баг НБЭ-д элсэн ороод одоо болтол аварга авч амжаагүй л байна. 2003 онд Жэйсон Кидд , Ричард Жефферсонтой Финалд хүрч байсан ч Сан Антонио Спөрс багт цувралд 4 : 2 харьцаатайгаар хожигдож байжээ.

11. Лос Анжелес Клипперс

Хараалтай баг Крис Пол, Блэйк Гриффин, ДэАндре Жордан болон Кавай Леонард, Пол Жоржоор удирдуулсан супер бүрэлдхүүнтэй баг босгоод амжилт олоогүй байгаа баг маань энэ улирал аварга авч чадах болов уу?

Сэтгэгдэл үлдээх